Олон Улсын Улаанбаатарын Их сургууль нь итгэл, найдвар, хайрыг эрхэмлэсэн хүнийг төлөвшүүлэх үзэл санааны үндсэн дээр үүсгэн байгуулагдаж, оюутнуудынхаа амьдралын замыг чиглүүлж ирсэн билээ. Бид энэхүү эрхэм зорилгынхоо хүрээнд оюутнуудаа Монголын нийгэм төдийгүй дэлхий дахинд хэрэгтэй чадварлаг боловсон хүчин болгон төлөвшүүлдэг их сургууль болохын төлөө зорин урагшилж байна.
Бид их сургуулийнхаа алсын харааг ийнхүү тодорхойлж байна. “Нэг хүнийг төлөвшүүлж, нийгэм болон улс орноо өөрчилдөг их сургууль”. Бид зөвхөн мэдлэг түгээдэг их сургууль бус, хүн нэг бүрийн чадварыг нээн илрүүлж, хувь хүний төлөвшил болон мэргэжлийн ур чадварыг цогцоор нь хөгжүүлдэг их сургууль болохыг зорьж байна. Учир нь боловсролын жинхэнэ зорилго нь диплом гардуулахад бус, харин дэлхий ертөнцөд сайн сайхныг түгээж чадах хүнийг төлөвшүүлэн бэлтгэхэд оршдог.
Түүхийг шинээр бүтээж, агуу өөрчлөлтийг авчирсан үйл явдлууд хэн нэг хүнээс эхлэлтэй байдаг. Мөрөөдөл хүсэл тэмүүлэлтэй нэгэн, шударга нэгэн, хамт олондоо тусалдаг нэгэн. Тэр хэн нэгэн гэр бүл, орон нутаг нийгмээ өөрчилж, улмаар улс орныхоо ирээдүйг шинээр бүтээдэг.
Үүний төлөө манай сургууль оюутан нэг бүрийг хүндэтгэж, тэдний алсын хараа болон эрхэм зорилгоо нээн илрүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, чин үнэнч, хүсэл тэмүүлэлтэй, мөн дэлхийд түүчээлэх мэргэжлийн мэдлэг ур чадвартай боловсон хүчнийг төлөвшүүлэн бэлтгэх болно. Профессор багш, ажилтан, оюутан бүгд бие биеэсээ суралцаж, хамтдаа хөгждөг хамт олныг бий болгож, монголын нийгэм төдийгүй дэлхий дахинд итгэл, найдвар, хайрыг түгээдэг их сургууль болохын төлөө хичээнгүйлэн ажиллах болно.
Нэг хүн өөрчлөгдвөл дэлхий өөрчлөгдөнө. Манай сургууль та бүхнийг чин сэтгэлээсээ угтан авч байна. Олон улсын Улаанбаатарын их сургууль хэмээх нэр дор бүрэлдэн тогтсон манай хамт олны хүн бүр тэрхүү “нэг хүн” болж, хамтдаа шинэ ирээдүйг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.