Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн Солонгос судлалын хүрээлэн 2025–2026 оны хичээлийн жилийн 2-р улиралд шинээр элсэн суралцаж буй болон сурлага, судалгааны амжилт гаргасан магистрын оюутнуудад тэтгэлэг олголоо.
Энэ удаагийн тэтгэлэгт Солонгос судлалын чиглэлээр суралцаж буй нийт 10 магистрант хамрагдсан бөгөөд 609,000- 2,268,000 төгрөгийн хэмжээтэй, нийт 13,572,600 төгрөгийн тэтгэлгийг гардуулав.
Тэтгэлэг гардуулах ёслолын үеэр Солонгос судлалын хүрээлэнгийн захирал, төслийн ахлагч Кан Сонь Хуа(Ph.D) тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад баяр хүргэж, “Салбартаа болон улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах чадварлаг мэргэжилтэн болж төлөвшөөрэй” хэмээн онцлон хэллээ.
Мөн магистр, доктор оюутны сургалтын албаны дарга Б.Сүх-Очир “Тэтгэлэг бол зөвхөн дэмжлэг төдийгүй хариуцлага юм. Ахисан түвшний сургалтад хамрагдаж буй та бүхэн судалгааны арга зүйд гүнзгий суралцаж, чанартай судалгаа хийж, түүнийгээ олон нийтэд түгээн дэлгэрүүлэхийг хүсье” хэмээн захилаа.
Тус тэтгэлэг нь магистрын оюутнуудын суралцах орчныг дэмжих, судалгааны идэвхийг нэмэгдүүлэх, Солонгос судлалын чиглэлээр чадварлаг мэргэжилтэн, судлаач бэлтгэхэд бодит хувь нэмэр болж чадаж байгаагаар ач холбогдолтой юм.