Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль (ОУУБИС)-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ханьгыл их наадам” 2026 оны 10 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн 23 дахь наадмыг ОУУБИС-ийн дэргэдэх Улаанбаатар-1 Сэжун институт, Солонгос хэл, соёлын тэнхим болон Солонгос хэлний багшийн тэнхим хамтран зохион байгууллаа.
Ханьгыл их наадам нь Бүгд Найрамдах Солонгос Улсын үндэсний бичиг үсэг болох Ханьгыл (한글)-ийг алдаршуулан сурталчлах, солонгос хэл сурч буй суралцагчид, оюутан залуусын хэлний мэдлэг, харилцааны ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, Монгол, Солонгосын залуусын харилцан ойлголцол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой соёл, боловсролын томоохон арга хэмжээ юм.
2026 оны 10 дугаар сарын 9-ний өдөр болсон наадмын үйл ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон хүрэлцэн ирж, оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр Ханьгыл үсгийн өдрийг угтан зохион байгуулагддаг энэхүү наадам нь солонгос хэл сурч буй оюутан, залуусын мэдлэг, ур чадварыг сорихын зэрэгцээ солонгос хэл, бичиг үсгийн үнэ цэнэ, соёлын онцлогийг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо. Мөн Монгол, Солонгосын залуусын соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буй тус наадмыг зохион байгуулж байгаад ОУУБИС-д талархал илэрхийлж, баяр хүргэв.
Энэ жилийн Ханьгыл үсгийн өдөр нь түүхэн онцлогтойгоор тохиож буй юм. Сэжун хааны бүтээлгэсэн Ханьгыл бичиг үсгийг 1446 онд нийтэд түгээн дэлгэрүүлснээс хойш 580 жилийн ой тохиож байгаа бөгөөд 1926 онд Ханьгыл үсгийн өдрийг тэмдэглэж эхэлсний 100 жилийн ой мөн энэ онд тохиож байна.
Наадмын хүрээнд солонгос хэл сурч буй ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид, их, дээд сургуулийн оюутан залуусын дунд “Солонгос хэлний зохион бичгийн тэмцээн”, “Солонгос хэлний ярианы тэмцээн”, “Солонгос дууны тэмцээн” тус тус зохион байгуулагдлаа. Эдгээр тэмцээн нь оролцогчдын солонгос хэлний мэдлэг, илтгэх болон харилцах чадварыг сорихын зэрэгцээ урлагийн авьяас, өөрийгөө илэрхийлэх чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэв.
ОУУБИС нь солонгос хэл, соёлын боловсролыг дэмжих, Монгол, Солонгосын боловсрол, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа тогтмол өргөжүүлэн ажиллаж байна.
Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн зүгээс Ханьгыл үсгийн өдрийг тохиолдуулан солонгос судлалын эрдэмтэн, судлаачид, багш нар, оюутан, суралцагчид болон солонгос хэл, соёлыг сонирхон судалж буй нийт хүмүүст баярын мэнд хүргэж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.