“Ирээдүйн аудиторуудын сорилго–2026” оюутны олимпиадыг энэ жил “Мэргэжлийн шүүн тунгаалт ба шийдвэр гаргалт (Professional Judgement and Decision Making)” сэдвийн хүрээнд, “Өгөгдөл мэдээлнэ, мэргэжлийн шүүн тунгаалт үнэ цэн бүтээнэ (Data Informs, Judgement Builds Value)” уриан дор амжилттай зохион байгууллаа.
Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Бизнесийн тэнхим нь нягтлан бодох бүртгэлийн өдрийн болон оройн ангийн хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэн төгсгөж буй сургалтын үйл ажиллагааны хүрээнд тус олимпиадад дэмжигч байгууллагаар, Монгол Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт хамтран зохион байгуулагч байгууллагаар тус тус оролцон ажиллав.
Олимпиадын нээлтийн үйл ажиллагаанд Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Ректор Хан Гүг Ил оролцож, нээлтийн үг хэлэн, хоёр үе шаттайгаар өрсөлдөх оролцогч багуудын оюуны сорилт, мэдлэг чадвар, амжилтад өндөр амжилт хүслээ.
Энэ удаагийн олимпиадад нийт 9 их сургуулийн баг оролцож, хоёр үе шаттайгаар мэдлэг, мэргэжлийн ур чадвар, дүн шинжилгээ хийх болон шийдвэр гаргах чадвараа сорин өрсөлдсөнөөс шилдэг багуудыг шалгарууллаа.
Тус олимпиад нь нягтлан бодох бүртгэл, аудитын чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэргэжлийн мэдлэг, практик ур чадварыг хөгжүүлэх, мэдээлэлд үндэслэн мэргэжлийн шүүн тунгаалт хийх, оновчтой шийдвэр гаргах чадварыг төлөвшүүлэх, их, дээд сургуулиуд болон мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.