2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Эрдэм шинжилгээ, багшийн хөгжлийн албанаас 2026–2027 оны хичээлийн жилд шинээр ажиллаж эхэлж байгаа болон дадлагажигч багш нарт зориулсан “Багшийн хөгжлийн сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь шинээр ажиллаж буй багш нарт сургуулийн хөгжлийн бодлого, зорилт, багшийн мэргэжлийн ёс зүй, сургалтын үйл ажиллагаа, хөдөлмөрийн дотоод журам, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын шаардлага, үнэлгээний тогтолцооны талаар нэгдсэн ойлголт өгөх, цаашдын мэргэжлийн хөгжилд нь дэмжлэг үзүүлэх зорилготой байв.
Сургалтыг ОУУБИС-ийн Ректор, доктор, профессор Хан Гүг Ил нээж, шинээр ажиллаж буй багш нарт хандан багш мэргэжлийн үнэ цэн, үүрэг хариуцлага, оюутны хөгжилд үзүүлэх нөлөөллийн талаар урам зориг өгсөн үг хэллээ.
Тэрээр сайн багшийн үнэ цэнийг зөвхөн хичээл зааж, мэдлэг олгосноор хэмжих бус, оюутныхаа амьдралд эерэг нөлөө үзүүлж, итгэл хүлээсэн зөвлөгч, чиглүүлэгч нь байж чадсанаар тодорхойлогдоно гэдгийг онцолсон юм.
Сургалтын хүрээнд сургуулийн удирдлага, холбогдох албадын дарга нар дараах чиглэлээр мэдээлэл, сургалт хүргэв.
ОУУБИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, доктор, дэд профессор Д.Дуламсүрэн “ОУУБИС-ийн хөгжлийн зорилго, багшид тавигдах ёс зүйн шаардлага” сэдвээр сургалт явуулж, багшийн ёс суртахуун, мэргэжлийн ёс зүйн ялгаа, суралцагчтай харилцах харилцаа, шударга үнэлгээ, багшийн хариуцлага болон ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөхийн ач холбогдлыг тайлбарлав.
Сургалтын албаны дарга, доктор, дэд профессор Б.Туяа “Сургалтын бодлого, хөтөлбөрийн удирдлага” сэдвээр сургалт явуулж, сургалтын хөтөлбөр, хичээлийн төлөвлөлт, суралцахуйн үр дүн, үнэлгээний арга зүй, багшийн үүрэг оролцооны талаар танилцуулав. Тэрээр хичээлийн төлөвлөлтийг багш юу заахад бус, оюутан тухайн хичээлийн үр дүнд юу мэддэг, юу хийж чаддаг болоход чиглүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.
Оюутны албаны дарга Ким Жэ Сон “Мэргэжлийн болон нийгмийн үйлчилгээний үнэлгээ” сэдвээр мэдээлэл өгч, багшийн оюутанд чиглэсэн үйлчилгээ, зөвлөх үйл ажиллагаа, сургуулийн болон олон нийтийн ажилд оролцох оролцоо, тэдгээрийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг танилцууллаа.
Хууль зүйн сургуулийн захирал, доктор, дэд профессор О.Амарсанаа “Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гүйцэтгэл ба судалгааны их сургууль болж хөгжих хэтийн зорилго” сэдвээр сургалт явуулж, судалгааны их сургуульд тавигдах шаардлага, эрдэм шинжилгээний бүтээлийн үнэлгээ, олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхийн ач холбогдол, багшийн судалгааны ажлын гүйцэтгэл болон их сургуулийн судалгааны чадавхыг хөгжүүлэх чиглэлийн талаар мэдээлэл хүргэв.
Захиргаа, хүний нөөцийн албаны мэргэжилтэн Б.Оюунбилэг сургуулийн хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулж, багш, ажилтны эрх, үүрэг, хөдөлмөрийн харилцаа, ажлын цаг, цалин хөлс, хөдөлмөрийн сахилга, байгууллагын дотоод зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Энэхүү сургалт нь шинээр ажиллаж буй багш нарт сургуулийн үйл ажиллагааны онцлог, сургалт, судалгааны бодлого, мэргэжлийн ёс зүй, байгууллагын соёлын талаар нэгдсэн ойлголт авахын зэрэгцээ цаашдын багшлах болон судалгааны үйл ажиллагаагаа төлөвлөхөд чухал ач холбогдолтой боллоо.
Цаашид Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Эрдэм шинжилгээ, багшийн хөгжлийн алба нь багш нарын мэргэжлийн ур чадвар, сургалт, судалгааны чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, хөгжлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах болно.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, БАГШИЙН ХӨГЖЛИЙН АЛБА
ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ