Олон улсын Улаанбаатарын их сургуулийн 8 дахь Ректорын тангараг өргөх ёслол 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр боллоо. 8 дахь Ректор Хан Гүг Ил нийт багш, ажилтан, оюутнуудынхаа өмнө тангараг өргөн, ажил үүргээ албан ёсоор хүлээн авлаа.
Тус ёслол нь Олон улсын Улаанбаатарын их сургуулийн хөгжлийн шинэ үеийн эхлэлийг тодорхойлсон чухал үйл явдал болж, их сургуулийн цаашдын зорилго, хөгжлийн чиг хандлага, боловсролын салбарт оруулах хувь нэмрийн талаар онцлон тэмдэглэсэн юм.
Тангараг өргөх үеэр 8 дахь Ректор Хан Гүг Ил Олон улсын Улаанбаатарын их сургуулийн эрхэм зорилго, үнэт зүйл, уламжлалыг дээдлэн, сургуулийнхаа хөгжил дэвшлийн төлөө хариуцлагатай, ёс зүйтэй, шударга ажиллахаа нийт хамт олныхоо өмнө илэрхийллээ.
Мөн ОУУБИС-ийн цаашдын хөгжлийн үндсэн чиг баримжааг “Нэг хүн өөрчлөгдвөл дэлхий өөрчлөгдөнө” хэмээн онцолж, боловсролын үнэ цэн нь хувь хүний хөгжил, төлөвшлөөс эхэлж, улмаар гэр бүл, нийгэм, улс орон, дэлхий дахинд эерэг өөрчлөлтийг бий болгох хүч хэмээн тодорхойллоо.
Тэрээр Олон улсын Улаанбаатарын их сургуулийн сургалт, судалгаа, багшлах боловсон хүчин, оюутны хөгжил, олон улсын хамтын ажиллагаа болон их сургуулийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахын зэрэгцээ Монгол Улсын боловсролын салбарын хөгжилд өөрийн мэдлэг, туршлага, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан ажиллахаа тангараглалаа.
Олон улсын Улаанбаатарын их сургууль нь 1995 онд байгуулагдсан цагаасаа хойш боловсролын салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах чадварлаг боловсон хүчнийг бэлтгэсээр ирсэн билээ.
Ийнхүү тус сургуулийн 8 дахь Ректор тангараг өргөн, ажил үүргээ хүлээн авснаар ОУУБИС хөгжлийн дараагийн хуудсаа нээж байна. Цаашид их сургуулийн уламжлал, ололт амжилтыг хадгалан хөгжүүлж, боловсролын чанар, сургалтын орчин, судалгаа шинжилгээ, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нийт хамт олны хүчин чармайлтыг нэгтгэн ажиллах зорилт тавьж байна.
Ректор Хан Гүг Ил танд ажлын өндөр амжилт, их үйлсийн арвин олз, эрдэм боловсролын салбарт оруулах үнэтэй хувь нэмрийн төлөөх их үйлсэд нь амжилт хүсье!
“Нэг хүн өөрчлөгдвөл дэлхий өөрчлөгдөнө.”
Олон улсын Улаанбаатарын их сургууль