Эдийн засаг бизнесийн сургууль
ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Эдийн засаг бизнесийн сургууль

ОУУБИС-ийн ЭЗБС-ийн эрдмийн хамт олон, манай сургуулийн түүхийн он жилүүдэд хамт ажиллаж байсан эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгчид, өнөөгийн суралцагч оюутнууд, хамтран ажиллагч байгууллага болон хувь хүмүүс, манай сайтаар зочилсон та бүхний энэ өдрийн амар амгаланг эрж, мэндчилж байна. ОУУБИС-ийн ЭЗБС-ийн эхлэл суурь нь 1996 оны 3-р сард Бизнесийн Удирдлагын Тэнхим анх байгуулагдсанаар тавигдсан бөгөөд одоогоор манай салбар сургуулийн хувьд Бизнесийн Удирдлагын тэнхим, Аялал жуулчлалын тэнхим, Эдийн засгийн тэнхим гэсэн 3 тэнхимтэй болж өргөжин, мэргэжлийн 15 эрдэмтэн багштайгаар дээд боловсролын үйлчилгээг тохилог, тааламжтай орчинд үзүүлж буйгаа дуулгахад таатай байна. ОУУБИС-ийн ЭЗБС нь Монгол Улсын дээд боловсролын салбарт чанартай, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх хариуцлагатай үүргээ өдөр тутамын үйл ажиллагаандаа ухамсарлан, суралцагчдаа тогтмол хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллаж, хувь хүний хөгжил ба хүнлэг зан чанарыг төлөвшүүлэхэд анхаарал хандуулдаг уламжлалтай. Манай сургуулийн хамт олон бүх нийтээр итгэл, найдвар, хайр гэсэн уриаг сургуулийн орчинд дагаж мөрддөг нь бидний онцлог, давуу тал болж, манай багш, оюутнуудын харилцаа хандлага, ёсзүй, ухамсар, зан төлөвшилд эерэг нөлөө үзүүлсээр ирсэн. Манай сургуулийн төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд амжилттай ажиллаж, амжилт бүтээл дүүрэн байгаа явдал нь бид бүхний бахархам сайхан амжилт, ажлын маань бодит үр дүн, бидний сургалтын үйл ажиллагааны эцсийн зорилго биелж буйн тод илрэл мөн. Манай бүрэлдэхүүн сургууль нь сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг Монгол улсын дээд боловсролын салбарын хөгжлийн бодлого, холбогдох хууль тогтоомж, үндэсний стандарт, дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлага, нийгмийн хөгжил дэвшил, ОУУБИС-ийн дотоод дүрэм журамд нийцүүлэн тасралтгүй сайжруулан, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ амжилттай магадлан итгэмжлүүлсэн болно. Манай сургуулийг сонирхон суралцах, хамтран ажиллах, харилцан санал солилцох, туршлага хуваалцах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, сургалт ба бусад олон талт арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр хамтрах сонирхолтой байгууллага болон хувь хүний өмнө манай сургуулийн үүд хаалга ямагт нээлттэй байдгийг уламжилж байна. Та бүхний юу санасан ёсөн цагаан хүсэл сэтгэлчлэн бүтэж, эрүүл энх байж, өөрийн салбартаа амжилттай ажиллаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, сайн сайхан амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сайн үйл бүхэн түгэн дэлгэрэх болтугай.

Хүндэтгэсэн,

Маньбадарын ДОВУУЧ
Доктор Ph.D, дэд профессор

Эдийн засаг бизнесийн сургууль ТАНИЛЦУУЛГА

Манай бүрэлдэхүүн сургуулийн хувьд мэдлэг, чадвар бүхий хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө манай салбарын эрдэмтэн багш нар хүний төлөө гэсэн чин сэтгэлээр хичээл зүтгэл гарган хөдөлмөрлөдөг. Манай сургууль нь аялал жуулчлал, эдийн засаг, бизнесийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг тэнхим нэгжүүдээрээ дамжуулан амжилттай хэрэгжүүлж, арвин туршлага хуримтлуулж чадсан. Үндсэн 3 чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг.

  • Аялал жуулчлал мэргэжлийн чиглэл:

Аялал жуулчлалын салбарын шилдэг мэргэжилтэн, менежерүүдийг бэлтгэн гаргахын тулд Аялал жуулчлалын яам, аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг, аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, аялал жуулчлалын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, оюутнуудад практик, дадлага давамгайлсан сургалтын үйл ажиллагааг идэвхтэй явуулж, салбарын өмнө тулгамдсан аливаа асуудал, хөгжлийн бодлогын талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чиглүүлж ажилладаг.

  • Бизнесийн удирдлага мэргэжлийн чиглэл:

Бизнесийн удирдлагын чиглэлээр бизнесийн удирдлага, санхүү, нягтлан бодох бүртгэл, маркетинг, менежмент зэрэг мэргэжлийн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай бөгөөд төрийн байгууллага болон бизнесийн аж ахуйн нэгжүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж, оюутнуудаа дадлагажуулах, ажлын байраар хангах, хамтарсан судалгаа, шинжилгээний ажил хийх, сургалт семинар хамтран зохион байгуулах чиглэлээр идэвхтэй хамтран ажилладаг.

  • Эдийн засаг мэргэжлийн чиглэл:

Эдийн засаг мэргэжлийн хөтөлбөрийг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, эдийн засгийн салбарын судлаачид, эрдэмтэдтэй хамтран амжилттай хэрэгжүүлж ирсэн. Монгол Улсын эдийн засгийн хувьд тулгамдсан асуудлыг судлах, салбарын тулгамдсан асуудлын гарц гаргалгааг тодорхойлох, шийдлийг олоход салбарын багш, оюутнуудын сургалт, эрдэм шинжилгээний ажлыг чиглүүлдэг.

Монгол улсын эдийн засгийг түүчээлэн авч явах, хөгжүүлэх эдийн засгийн салбарын мэргэжилтэн, эдийн засагч, судлаачдыг бэлтгэхэд гол анхаарлаа хандуулж ажилладаг.

Эдийн засаг бизнесийн сургууль Тэнхимүүд
Google Workspace
Microsoft 365
Facebook
Youtube